Шинэ мэдээ

Визгүй зорчих асуудлыг судлан шийдвэрлэхээр боллоо3 сар 26. 12:21Цасан шуурга шуурч, хүйтэрнэ3 сар 26. 11:47У.Хүрэлсүх: Усны асуудал эрхэлсэн агентлаг байгуулах ажлыг шуурхайлна3 сар 26. 11:06"Албан тушаалаа ашиглаж бэлгийн дарамт үзүүлсэн явдал огт байхгүй"3 сар 26. 10:09“Утаагүй галт тэрэг” төслийг хэрэгжүүлж эхэллээ3 сар 26. 8:32БНСУ-ЫН Ерөнхий сайд Монгол Улсад хүрэлцэн ирлээ3 сар 26. 8:31Үс засуулахад тохиромжгүй3 сар 26. 8:27Улаанбаатарт 2 хэм дулаан3 сар 26. 8:27Прокурорын орлогч, АТГ-ын даргыг томилох асуудлыг түр хойшлууллаа3 сар 25. 16:31"ЖДҮ-тэй холбоотойгоор УИХ-ын таван гишүүнийг яллагдагчаар татсан"3 сар 25. 14:35МАН-ын бүлэг С.Зориг агсны хэргийн талаар хуралдаж байна3 сар 25. 14:11Зургаан настай хүү осгож нас баржээ3 сар 22. 12:53Э.Эрдэнэжамъяан Е.Сагсай прокурорын хууль бус бичлэгийг олон нийтэд дэлгэнэ гэв3 сар 22. 11:08Чуулганы хуралдаан 15:00 цагт эхэлнэ3 сар 22. 8:57Налайхын замын ажил дөрөвдүгээр сараас эхэлнэ3 сар 22. 8:56“Эрдэнэт үйлдвэр” компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгов3 сар 22. 8:50Чөлөөт, сонгомол бөхийн “U23" Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс3 сар 22. 8:49Аймаг, нийслэлийн удирдлагуудтай цахим хурал хийлээ3 сар 22. 8:47С.Амарсайхан: Казах түмэн улс, нийслэлийн хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан3 сар 22. 8:43Гамшгаас хамгаалах дадлага сургуулилт боллоо3 сар 22. 8:39

Н.Дашзэвэг: Шатахуунаа импортоор авахгүй байх нь олон сая доллар хэмнэнэ

/1-р сарын 4/  -  10 цаг 16 минут

“Монгол” эдийн засгийн ахлах сургуулийн захирал, Гавьяат эдийн засагч, доктор Н.Дашзэвэгтэй ярилцлаа.

-Монгол Улсын Засгийн газар, Энэтхэгийн Засгийн газартай хэлэлцээр хийж Экспорт-Импорт банкны зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар боллоо. Энэ үйлдвэрийг барьснаар манай улсад өгөх ач холбогдолыг та хэрхэн харж байна вэ?

-Бензин шатахуун импортлохоо болино гэдэг бол олон зуун сая доллар импортод алдахгүй, хэмнэдэг болно гэсэн үг. Төгрөгийн ханшинд сайн нөлөө үзүүлнэ. Дотоодод олборлосон газрын тосоо боловсруулна гэдэг ядахдаа тээврийн зардлаар хямд бензин шатахуун үйлдвэрлэдэг болно. Газрын тосны бүтээгдэхүүнээр хөршүүдээсээ хараат биш болно. Нефть химийн үйлдвэр хөгжиж, экспортлох боломж нээгдэнэ. Хуванцар үйлдвэрлэнэ. Ажлын байрууд бий болно. Төсөвт татвар төлдөг болно. Онгоцны түлшээ үйлдвэрлэвэл тээврийн хөлс, тасалбарын үнэ хямдарна. Аялал жуулчлал илүү хөгжинө. Битум гаргаж хар замаа өөрсдөө хямд зардлаар тавьдаг болно. Энэ мэтчилэн олон сайн тал бий.

Гэвч энд хаана үйлдвэрээ байгуулах вэ, ямар хүчин чадалтай үйлдвэр байгуулах вэ, ямар бүтээгдэхүүнүүд гаргах вэ, ямар технологи хэрэглэх вэ, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг өргөн хүрээнд хэлэлцсэн үү, дагалдах буюу нефть химийн ямар үйлдвэрүүд барих вэ, ажиллах инженер техникийн боловсон хүчин, ажилчидаа хэрхэн бэлтгэх вэ гээд олон асуудлыг тал талаас нь хэлэлцэж иж бүрнээр нь шийдвэрлэх хэрэгтэй юм.

Энэтхэгийн зээл гэдэг нь Энэтхэгийн технологи, техник, хэрэгсэл, орж ирнэ гэсэн үг. Энд хоцрогдсон, шахааны технологи байж болохгүй, технологийг нутагшуулж, шилжүүлэх асуудал ч тавих ёстой байх. Гол зүйл бол түүхий эдээ бүрэн боловсруулж, байгаль орчиндоо ээлтэй байх ёстой.
Энэ асуудлыг салбарын яам нь иж бүрэн боловсруулж чадахгүй харагддаг. Сайд дарга нар нь дандаа хагас дутуу юм ярьдаг. Иймд Үндэсний хөгжлийн газар салбаруудын төлөөлөл, эрдэмтэд судлаачдыг татан оруулж энэ асуудлыг өргөн хүрээнд боловсруулах хэрэгтэй.

-Бид газрын тос боловсруулах үйлдвэртэй болвол хэр зэрэг валют хэмнэх бол?

-Бензин, шатахууны импортод нэг тэрбум орчим ам доллар зардаг байсан бол 500 - 700 сая доллар гадагшаа алдахгүй хэмнэх болов уу гэж би харж байна.

Өнгөрсөн сарын байдлаар дизелийн түлш 219 сая ам доллараар, автобензин 172 сая ам доллароор импортолжээ. Нийт 391 сая доллар болж байна. Жилийн дүнгээр 450 орчим сая доллар болох байх. 330 орчим сая долларын газрын тос экспортлох байх. Тэгэхээр газрын тосны экспорт, бензин, шатахууны импортын зөрүү 150 орчим сая ам долларыг үлдээх боломж бий. Бид 2014 онд 980 орчим сая долларын түлш, бензин импортоор авчээ. Өмнөх жилүүдийн статистикаас харвал жилд сая орчим тонн түлш, бензин импортолж байна.

-Эдийн засгийн хувьд үүсэх үр өгөөжийг та прагматик томъёоллоор хариулж өгнө үү?

-Дарханд жилдээ хоёр сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр барина, жигд ажиллаад ирэхээр бензиний үнийг 15-20 хувь бууруулах боломжтой гэж Т.Намжим гуай хэлдэг байсан. Үйлдвэр томрох дусам бүтээгдэхүүний өртөг хямдарна. Энэ тооцоог Засгийн газар хийсэн байх ёстой. Ганц эдийн засгийн үр ашгийг ярихгүй, түүнийг экологийн зардлын тооцоотой зэрэгцүүлж барьж байгаад шийдвэр гаргах ёстой л доо.

-Нефтийн үйлдвэр гэдэг бол аж үйлдвэрийн үндэс гэдэг үнэн үү. Яагаад?

-Нефтиэс хэдэн зуугаар нь бүтээгдэхүүн гаргаж авдаг. Нефть химийн кластерүүд байгуулж болно.

-Нефтийн бүтээгдэхүүний 98 хувийг бид ОХУ-аас авдаг. Тиймдээ ч “Орос ах нар крантаа хаахад бид дуусаа” гэлцэх нь бий. Энэ үг үнэний ортой юу?

-Орос бензин, шатахуун нь илүүдэлтэй, экспортолч орон. “Крант хаахгүй” байх. Яасан гэж хаах юм. Хаах шалтаг нь харагдахгүй байна. Хаавал “онигоо” болох биш үү. Харин ирээдүйд бид Оросоос бензин, шатахуун биш газрын тос авдаг болох хэрэгтэй. Оросоос, Тяньжин хавиас, дотоодоос гэсэн гурван эх үүсвэртэй байвал газрын тосны үйлдвэрийн үйл ажиллагаа хараат биш байх болно.

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн байршил нь их чухал. Тэгвэл энэхүү боловсруулах үйлдвэрийг хаана байгуулах байршлын талаар?

-Сайншанд байрлалын хувьд тохирно. Төмөр замаар Тяньжин хавь хүртэл нүүрс, төмөр, зэсээ зөөж, газрын тос тэндээс оруулж ирж болох зураглал харагдаж байгаа юм.

-Сайншанд ирээдүйн Улаанбаатар, Эрдэнэт болох боломж танд харагдаж байна уу?

-Сайншанд говийн бүс нутаг болохоор усгүй гологдоод байгаа. Орхон, Хэрлэнгийн илүүдэл усыг хоолойгоор Сайншанд руу зөөдөг болмоор байна. Ингэснээр урд хөрш рүү усаа экспортлох ч боломжтой. Энэ нь говь цөлийг өөрчлөх ч үндэс болох боломжийг нээнэ.

-Хэрэв Ж.Эрдэнэтбатын Засгийн газар энэ үйлдвэрийг байгуулах юм бол сонгогчдоос том үнэлгээ авч чадах уу?

-Маш өндөр үнэлгээ авна. Ард түмэнд өгөх томоохон хөрөнгө оруулалт.

-Нефтийн нэг үйлдвэрийг дагаад 30 гаруй үйлдвэр байгуулагддаг олон улсын практик бий. Бидний хэрэглэж буй материаллаг эд зүйлд нефтийн оролцоогүй нэг ч зүйл байхгүй. Үүнд таны бодол?

-Нефтиэс дизелийн түлш, авто бензин үйлдвэрлэхээс гадна онгоцны түлш, мазут, битум, хуванцар гэх мэт химийн маш олон төрлийн бүтээгдэхүүн гаргаж авна. Нефть химийн аж үйлдвэр хөгжүүлж болно. Кластерлаж хөгжүүлбэл өгөөжтэй. Полиэтилен, пропиленан, полистирол, бута¬диеновый каучук, поливинилхлорид зэрэг нь дэлхийн зах дээр өндөр эрэлттэй байдаг. Хөгжингүй орнуудад нефть химийн бүтээдэгдэхүүн хэрэглээний барааны захын 50-60 хувийг эзэлдэг. Эндээс харахад маш том боломж байна. Дагалдах химийн аж үйлдвэргүй улс нэг тонн нефтиэс 800 доллар олж байхад, Герман зэрэг орон Дружба хоолойгоор ирсэн нэг тонн нефтийг /одоогоор 50-60 ам долларын үнэтэй байна / бүрэн боловсруулаад 2200 ам доллар олж байна гэсэн тооцоо байдаг.

-Эдийн засгийн ирээдүйн чиг хандлагыг хэрхэн харж байна вэ?

-Нүүрсээ коксжуулаад Хятадын далайн эргийн боомтуудад зардаг болмоор байна. Хятадтай төмөр замын дамжин өнгөрөх, боомт ашиглах гэрээнүүдээ хийх хэрэгтэй. Энэ асуудалд бид цаг алдаж байна. Уул уурхайн бус экспортыг эрчимтэй хөгжүүлмээр байгаа юм. Ялангуяа өндөр технологийн үйлдвэрүүдтэй болох хэрэгтэй. Энэ тал дээр Засгийн газар боломжоо муу ашигладаг. Эдийн засгаа Орос, Хятад гэх мэт технологи ойролцоо орнуудтай интеграцинд оруулж, наад зах нь чөлөөт худалдааны бүсийг хөршүүдтэйгээ байгуулмаар байна. Эдийн засгаа өндөр бүтээмжтэй болгож бүтцийн өөрчлөлт хийж, эдийн засгийн бүсчлэлд шилжих нь их чухал.

-Долларын ханшийг ОУВС, Дэлхийн банкны зүгээс цаашид өснө гэж дүгнэсэн байсан. Та үүнтэй санал нийлэх үү. Яагаад?

-АНУ-ын эдийн засгийн өсөлт нэмэгдэж, ажилгүйдэл доод цэгтээ хүрсэн тул доллар улам хүчтэй, үнэтэй болж байна. АНУ-ын төв банк бодлогын хүүгээ ойрын жилүүдэд өсгөх болно гэж дэлхий хүлээлттэй байна. АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Дональд Трампын зарлаж буй бодлого ч бодлогын хүүг өсгөхөд хүргэж байна. Энэ мэтээс болж ам долларын ханш өсөж, бусад орны валютын ханш хямдрах боллоо. Монголд энэ зүй тогтол хамаарахгүй, төгрөг улам суларч байна.

-Монгол банкны бодлогын хүү эдийн засагт нөлөөгүй байна гэж та бичдэг. Энэ талаар тодруулж болох уу ?

-Монголын эдийн засаг, санхүүгийн зах зээлийн онцлогоос болж бодлогын хүү нөлөө багатай явж ирлээ. Хадгаламжийн хүү 15-20 хувьтай байгаа тул бодлогын хүү яаж ч буураад зээлийн хүүг бууруулж чадахгүй. Энгийн логик нь ийм байгаа юм. Европын ихэнх оронд хадгаламжийн бодит хүү хасах байна. Хятадад ч адил. Монголбанкны судлаачдын, зарим эдийн засагчдийн загвар, тооцоонууд ч бодлогын хүү нөлөөгүй байгааг харуулсан.

Иймд Монголбанк маш өвөрмөц бодлого явуулах ёстой. Ялангуяа хадгаламжийн хүү хэвийн хэмжээнд хүртэл буурах үе хүртэл. Монголбанк “инфляц онилж байна, ханш бидэнд хамаагүй” гэж эдийн засаг, санхүүгийн зах зээл хөгжсөн, глобачлагдсан, өрсөлдөөнд нөхцөлд байдаг орнуудад үйлчилдэг стандарт шаардлагыг Монголын санхүүгийн зах зээл хөгжөөгүй, жижиг эдийн засагт, мөнгөний олигополь захад тавьж буй нь буруу байгаа юм. Гол нь үр дүн өгөхгүй байна.

Зээлийн зах дээр банкуудын зах зээлийн төвлөрлийг тооцдог Хирфиндаль Хиршманы индекс 1825, дөрвөн том банкны эзлэх хувь 79 гарсан. Энэ бол банкуудын зах олигополь болохыг харуулж байна. Энэ зах төрийн юм уу, зөвшилцлийн зохицуулалтаар явах ёстой юм. Чөлөөт өрсөлдөөн байх боломжгүй гэсэн үг.

-Цаг зав гарган ярилцсан баярлалаа.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC