Шинэ мэдээ

МУГТ Д.Сумъяа Осакагийн "Их дуулга"-д зодоглоно11 сар 20. 11:08Төрийн албаны ерөнхий шалгалтанд 1588 иргэн тэнцжээ11 сар 20. 11:07ӨНӨӨДӨР: Нийслэлийн 2020 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно11 сар 20. 8:25Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн11 сар 20. 8:20Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно11 сар 20. 8:19Дубайн гэрээтэй холбоотой Ч.Сайханбилэгийн Засгийн газрын захирамжуудыг хүчингүй болгох шийдвэр гаргажээ11 сар 19. 9:36Өнөөдөр бурхан багш эхийнхээ ачийг хариулсан их дүйчин өдөр11 сар 19. 9:29Ирэх долоо хоногийн мягмар, лхагва гарагт бүх нийтээрээ амарна11 сар 18. 16:37Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмэх асуудалд Ерөнхийлөгч хориг тавихаар болжээ11 сар 18. 11:54Цэцийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 18. 9:12Албандаа 40 жил “зүтгэсэн” “Зил-130 АЦ 40” хөшөө болон сүндэрлэлээ11 сар 18. 8:50Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна11 сар 18. 8:47Улсын хэмжээнд 281 хүн ХДХВ-ын халдвартай11 сар 18. 8:45НӨАТ: 90 сая төгрөгийн супер азтан тодорлоо11 сар 18. 8:41УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсэг хуралдана11 сар 18. 8:38НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно11 сар 16. 18:52НДШ-ийг нэмэхийг эсэргүүцэж, Сангийн яамны гадаа жагсаж байна11 сар 15. 16:04С.Чинзориг: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянган төгрөг болгоно11 сар 15. 10:27Өнөөдөр 08:00-22:00 цагийн хооронд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо11 сар 15. 9:42ТЕГ-аас Үндэсний фронтынхонд анхааруулга өгөв11 сар 15. 9:24

Хүүхдийн дууны хатан В.Долгор

/1-р сарын 9/  -  10 цаг 45 минут

С.УЯНГА

Маамуу нааш ир” дууг сонсч өсөөгүй, энэ дуугаар хүмүүжээгүй хүн үгүй биз. Тэгвэл энэхүү гэгээн мөртэй, алдарт дууг амилуулж, хүүхдүүдэд зориулан хэдэн мянгаар тоологдох тоглолт хийж тэр бүхэндээ сэтгэл зүрхээ зориулсныхаа  үр шимээр  “хүүхдийн дууч” хэмээн өргөмжлөгдсөн гавьяат жүжигчин В.Долгорыг  “Амьдралын тойрог” буландаа урив.

 

Өдгөө 90 насыг шүргэж яваа түүнтэй уулзах  цаг товлохоор утас руу нь залгавал цовоон цолгиун хоолойгоор мэнд мэдэж байна. Настай хүн гэж бодсоных уу тэрхэн зуур гайхсанаа нуух юун.

Ингээд бид нэгэн үдэш тэдний гэрт уулзахаар товлож болзсон цагтаа Улсын их дэлгүүрийн баруун талд хүрч очоод зэрэгцээ байрууд дунд жаахан будилж ойролцоо зогссон бүсгүйгээс “Долгор гуайнх аль орц вэ” гэвэл “Хүүхдийн Долгор гуай юу” гээд заагаад өгч байна. Араас “Хүүхдийн Долгор” гээд асуух юм бол манай энэ хавиас мэдэхгүй хүн байхгүй гэсээр үлдлээ.

В.Долгор гуай гэртээ үр ач, нартайгаа бужигнаад халуун дулаан сайхан амьдардаг юм билээ. Биднийг ороход хүүхдүүд нь гадагшаа гарсан гээд зургийн цомог, хүүхдийн дуутай хуурцгаа бэлдчихсэн сууж байлаа. Түүний амьдралын хором мөч бүхэн дууны урлаг, тэр дундаа хүүхдийн дуутай холбогдсоор иржээ.

“1945 оноос уран  сайхны сургуульд байхаас нь В.Долгорыг би мэддэг юм. Хөдөөний бор охин концертод гоцлолоор дуулж байхад нь сонсгол, ритм сайтай, хоолойны өнгө аяз нь ирээдүйн дуучин болох найдвартай харагдаж байсан” хэмээн Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Л.Цогзолмаа түүний тухай анхны сэтгэгдлээ ярьсан бол “В.Долгорт байгаль эхийн хишиг харамгүй заяагдаж нарийн лимбийн эгшигтэй, найман настны хоолойтой. “Эгч Долгороо нааш ир. Энэ дууг хамт дуулья” гэж хүүхдүүд дуудаж байна” хэмээн түүний багш Ардын жүжигчин, Төрийн шагналт Д.Лувсаншарав хэлжээ. Магадгүй дээрх тодорхой­лолтууд урлагт 70 гаруй жил зүтгэж, түүн дотроо хүүхдийн дууны урлагт 60 гаруй жил үнэтэй хувь нэмэр оруулсан нийтлэлийн баатрыг  цөөн үгээр тодорхой  хэлээд өгнө.

В.Долгор өсч төрсөн нутгийнхаа шүтээн Булган уулаа сүсэглэж, хүүхдүүдэд зориулсан тоглолтын урилгандаа хүртэл мөнхөлжээ. Тэрээр бага насаа “1928 онд байгалийн үзэсгэлэн бүрдсэн Архангай аймгийн Хотонт суманд эхийн халуун хэвлийгээс газар ээжийн цэцэгт зүлгэн дээр мэндэлсэн. Хааяа нэг зуны шөнө хадан энгэрт нь мянган зул бадран асч байдаг үзэсгэлэнт сайхан Булган уул минь нүдэнд харагддаг. Аав өндөр нуруутай биерхүү гүндүүгүй сайхан халх эр байсан. Ээж ардын дууг ёстой л нэг хангинуулж өгдөг байсан гэдэгсэн. Үнэхээр намрын сайхан цагаар манайд хүмүүс цуглаж хөгжим тоглон дуу дуулж найрладаг байсан нь бяцхан охин надад нөлөөлсөн юм болов уу. Миний ганц ах Тогмид хөдөөд эрдэм номтой хүн цөөн байхад Улаан-Үд хотод ажилчин залуучуудын сургуульд сурч ирээд аймагтаа багшилж байсан. Би айлын отгон охин болоод тэр үү нэлээд эрх танхи өссөн” хэмээн дурсав. Тэрээр багадаа урд Тамирын голын эргээр, Булган хайрхны энгэрээр тугалаа хариулж явахдаа ээж эгч нараасаа сурсан “Соёл эрдэнэ”, “Үхэрчин хүү”, “”Баянмонгол” дуунуудыг  дуулдаг байжээ.  Өөрийнх нь хэлснээр чулуун гэр барьж, тугалаа хариулж явахдаа хангинатал дуулж өссөн нь дуучин болох эхлэлийг тавьсан байна. Түүнийг бага сургуулиа дүүргэж аймагт дэвшин суралцахад багш нар нь дуулж, бүжиглэж урлагийн арга хэмжээнд идэвхтэй байдгийг мэддэг учир уран сайханд явуулжээ. Аливаа зүйлд авхаалжтай, хөдөлгөөнтэй нэг заагаад өгснийг дор нь сурчихдаг нүүрэмгий охин байж. Сүүлд аймгийн сургуулийн захирлаар ажиллаж байгаад Урла­гийн хорооны даргаар томилогдсон н.Болд В.Дол­горыг дуулж, бүжиг­лэдгийг мэддэг байсан болохоор тухайн үеийн уран сайхны сургууль буюу одоогийн Хөгжим бүжгийн коллежид ирүүл гэсэн бичиг явуулж байсан ч сургууль нь явуулаагүй гэдэг.

“Маамуу нааш ир”-ийн гурвал. В.Долгор “Маамуу нааш ир дуунаас өөр дуугаар намайг хүлээж авахаа больсон үзэгчдийг би дийлэх болов уу”

 

В.Долгор дунд сургуулиа төгсөөд багшийн сургуульд хуваарилагдаж, хичээл эхлэхээс өмнө гэрийнхэндээ тус дэм болохоор аймгийнхаа клуб, хятад ажилчдын клубт сайн дураараа тоглож, тухайн үед тайзнаа тавигдаж байсан “Цэнд комиссар” зэрэг жүжигт тоглож, баяр наадмаар мандалин, гитар хөгжим дарна. Гэтэл нэг өдөр Улаанбаатар хотоос урлагийн бригад ирж циркийн тоглолтыг олонд толилуулахаас гадна авьяастай хүүхдүүдийг шалгаруулж урлагийн сургуульд элсүүлэхээр болжээ. Энэ тухай гавьяат дурсахдаа “Зохиолч Л.Ванган, ардын жүжигчин Нацаг, уран нугараач Даарийжав, илбэчин Цэнд-Аюуш гээд Монголын циркийг үндэслэгч урлагийн алдар цуутнууд ирсэн юм. Шалгаруулалтад сэтгэл догдлон, бас тэнцэхгүй бол яана гэсэн айдастай орсон. Аймгийн төвөөс гурван хүүхэд тэнцсэний нэг нь би. Зуны сайхан өдөр жүжигчин ах эгч нартай ачааны машинд суун Булган хайрхандаа сүсэглэсээр их хотыг зорьсон тэр өдрийн тэнгэр нь хүртэл намайг ивээж цэлмэг сайхан байсан” хэмээсэн юм. В.Долгорын ажил амьдралын гараа эхэлсэн энэ өдөр, холыг чиглэсэн зам түүнийг Монголын урлаг тийш, их алдрын оргил өөд залжээ. Мөн түүний уран бүтээлийн эхний алхам байсан гэж болно.

1945 онд Уран сайхны сургуульд ороход дуулаачийн анги гэж байгаагүй тул жүжгийн ангид орсон байна. Драмын жүжигчин болохоор гурван жил суралцах  байсан түүнийг хоёр жил сургаад Улсын хөгжимт драмын театр буюу Бөмбөгөр ногоон театрын найрал дууны ангид театрын даргын зургадугаар сарын 1-ий өдрийн тушаалаар хуваарилжээ. Ийнхүү театрын алтан босгоор анх алхаж мэргэжлийн дуучны гараагаа эхэлсэн түүхтэй. Тэрээр найрал дууны анхдагч, үүсгэн байгуулагчдын нэг болж Зөвлөлтийн мэргэжилтэн Ф.Клешко, дуучин М.Дорждагва нарын сургуулилт дор дуучид нэмэгдсээр найрал дуу 90 шахам дуучинтай болсон байна.

Тэр Бөмбөгөр ногоон театртаа их хайртай. Байн байн дурсана. “Чухамдаа Монголын  соёлын ганц том өв, урлагийн ууган гэр  болох Бөмбөгөр но­гоон теат­рын гал голом­тоос одоо­гийн энэ олон театр, чуулга ур­ла­гийн байгуул­лагууд үүссэн. Тэндээс уран бүтээлийн гараа­гаа эхэл­сэн өч төчнөөн алдар цуутан олон мянган жүжигчин, дуучин төрөн гарсан. Тэр дундаа найрал дууны анги бол олон хүнд амьдрал алдар нэр хайр­ласан урла­гийн гэ­гээн сүм” хэ­мээн ярив.

“Тоглолтоор явахад захиа их ирнэ. Пионерын хувцас өмсүүлээд улаан бүч зүүлгээд зураад явуулдаг байлаа. Хүүхдийн сэтгэл гэж цагаахан”

 

Олноо “Хүүхдийн” хэмээн алдарш­сан гавъяат В.Дол­горын ур­лагийн зам мөр улам  тодоор гэрэлтэж ирсэн байдаг. Тэр найрал дууны сапроно хоолойн ахлагчаар 40 гаруй жил, ангийн даргын үүрэгт ажлыг олон жил хийж иржээ. В.Долгор “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаа, “Шарай голын гурван хатан”, “Хөхөө Намжил”, “Чио чио сан”, “Жаргалын зам” зэрэг 10 гаруй гол, туслах дүрд тогложээ. Мөн Жаргалыг хүссэн Мөнхөө, Даланч худалч, Цогийн идэр нас зэрэг 20 шахам хөгжимт драмын жүжиг, Ламбугайн нулимс, Үнэн зэрэг арав гаруй үндэсний дуурьт тоглосон юм. Түүнчлэн Евгений Ониген, Кармен, Травиата, Тоска зэрэг хөгжимт драм, үндэсний сонгодог 50 гаруй жүжгийн найрал дууны партийг амжилттай сурч тоглосноос гадна найрал дууны туслах багшаар 20 шахам жил удирдаач, гоцлол, хоршил, харилцаа, зохиолын гээд олон төрлийн 400 гаруй дуу дуулсан байна. Хятад, Солонгос, Болгар, Чех, Өвөрмонгол, Орос, Буриад зэрэг хэлээр 20 гаруй дуу дуулж олны хүртээл болгожээ. Түүний арвин баялаг түүх намтар, дундаршгүй уран бүтээлийн зонхилох байр суурийг яах аргагүй хүүхдийн уран бүтээл эзэлнэ. Уран бүтээлийнх нь оргил үед В.Долгорыг хүүхдийн хоолой, сэтгэлгээгээр дуулж тэдний нижигнэсэн алга ташилт цовоо сэргэлэн түрлэгийг харамгүй хүртэж явсан. Бүхий л амьдрал уран бүтээлээ хүүхдүүдэд зориулж өдгөө 2000 хол давсан тоглолтыг багачуудад хүргэж, хүүхдийн дууны цомог, уран бүтээлийн үзэсгэлэн гаргасан түүнийг урлагийнхан, олон түмэн “Хүүхдийн дууны хатан хаан” хэмээн өргөмжлөх нь аргагүй юм. 1975 онд “Таван өнгийн цэцэг” нэртэй уран бүтээлийн анхны тоглолтоос хойш олон мянган үзэгч хүүхдүүдэд уран бүтээлээ зориулсан нэгэн. 1980-иад оноос Хүүхдийн төлөө фонд, эмэгтэйчүүдийн хорооны Энэрэл сан, хүүхдийн наадмууд, асран хүмүүжүүлэх сургууль, цэцэрлэг, хүүхдийн хорих газруудад 20 гаруй мянган хүүхдэд төлбөргүй тоглолт хийж, хандивын арга хэмжээг ч цөөнгүй зохион байгуулж байжээ. Тэрээр “Хүүхэд гэдэг их ариухан, ээлтэй. Миний өдий олон жил урлагт зүтгэж, урт насалж яваа нь зөвхөн хүүхдийн л буян. Хүүхдийн алга ташилт намайг залуужуулдаг. Уран бүтээл дундаасаа “Маамуу нааш ир” дуундаа их хайртай. 1956 онд Д.Лувсаншарав багш намайг дуудаад “Би хүүхдийн хэдэн дуу зохиолоо. Чиний хоолойд яг тохирно. Дуулж радиод бичүүл гэсний дотор “Маамуу нааш ир”, “Алтан хараацай”, “Бөмбөг” зэрэг 10 гаруй дуу байсан. Намайг хүүхдийн заяа түшдэг” гэж байв.

“Бүхий л амьдрал уран бүтээлээ хүүхдүүдэд зориулж өдгөө 2000 хол давсан тоглолтыг багачуудад хүргээд байна. Хүүхдүүдийн алга ташилт намайг залуужуулдаг”

 

Дээхэн үед төвийн нэг хэвлэлд Г.Дулмаа, Цэрэнчимэд, В.Долгор гурвын харилцан яриаг шоглож бичжээ. Тэнд Цэеэ ““Алтан намар”, Цагайн Лавай-д дуу дуулуулах хүн хайгаад явах юм. Бидэнд дутаад байх юмгүй. Өөрсдийгөө санал болговол яасан юм” гэхэд нь В.Долгор “Ай горьгүй, Би имиджээ эвдчихнэ. Ядаж л Лууяа багшаас асууя. “Маамуу нааш ир”-ээс өөр дуугаар намайг хүлээж авахаа больсон үзэгчдийг би дийлэх болов уу” гэсэн байх хэмээн бичсэнийг уншаад бид хэсэгхэн зуур инээдэм болов. В.Долгор гуай “Хүүхдийн дуу тэр дундаа “Маамуу нааш ир” дууг ид дуулдаг байсан үе. Тэр үед энд энд тоглолтоор явахад захиа их ирнэ. Багшаа гэх хүмүүс ч олон. Надад пионерын хувцас өмсүүлээд улаан бүч зүүлгээд зураад явуулдаг байлаа. Хүүхдийн сэтгэл гэж цагаахан” гэсэн юм.

В.Долгор гуайн хань Б.Даваа Гадаад яаманд алба хашиж байсан сэхээтэн байжээ. Англи, Орос, Солонгос зэрэг орнуудад томилогдон ажилласан байна. Тэд 50 гаруй жил ханилахдаа зургаан хүүхэд төрүүлж өсгөжээ. Том охин Д.Одончимэг нь Ленинград хотын хөгжмийн сургуульд суралцаж Улсын филармонид хийл хөгжимчнөөр ажиллаж байсан. Охин Д.Оюунчимэг нь “Лусын дагина” дуурийн лусын охины дүрд тоглосон урлагийн авъяастай. Бага охин Д.Эрдэнэчимэг СУИС-д  төгөлдөр хуурч, концертмейстер, багшаар ажилласан. Том хүү Д.Мөнгөнхуяг нь Хүүхэд залуучуудын театрт ажиллаж, 20 гаруй кино теле жүжгийг дүрүүдэд дуу оруулсан байна. Хүүхдүүд нь ийнхүү урлагт хайртай, авьяастай болж өссөнд баяртай явдаг гэдгээ гавъяат хэлсэн юм. В.Долгор гуай нас өндөр болсон ч урлагийн төлөө, хүүхдийн урлагийн төлөө зүтгэсээр байх болно гэж байна. Түүнээс шинэ оны өмнөхөн байрны  түлхүүр гардсан баярт үйл явдлынх нь талаар хуваалцахад “Миний төлөө олон ч хүн зүтгэсэн байх. Урлагийн төлөө бүхнээ зориулж ирсэн надад баяртай мэдээ дуулгаж, байр бэлэглэсэн Хотын удирдлагуудад талархаж байна. Халуун сэтгэлийнхээ үгийг танай сониноор дамжуулж баярласнаа дахин, дахин хэлмээр байна. Би хүүхдүүдийнхээ төлөө уран бүтээлээ хийсээр байх болно. Хүүхдийн баяр дөхөхөөр хөөрч догдолно. Сургуулиудаар, хөдөө орон нутгаар явж дуулна. Зүгээр суухгүй. Уран бүтээлээрээ бэлэг барина” гэсэн юм. Ур­ла­гийн төлөө 70 гаруй жил зүтгэсэн, хүүхэд бага­­чуу­дын хайртай дуучин гавъяат жүжигчин В.Долгорын амьдралын арвин баялаг түүхийг сони­ны нэг нүүрт баг­таана гэвэл үгүй. Хэдэн арваар тоологдох ном, боть болох нь зүйн хэрэг.

Түүний амьдралын нэгээхэн хэсгийг өгүүлэхэд энэ буюу.

Эх сурвалж: Зууны мэдээ

Эх сурвалж:


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC