Шинэ мэдээ

ДУУЧИН А МАНСУУРУУЛАХ ТӨРЛИЙН БОДИС ХЭРЭГЛЭЖ БАЙГААД СААТУУЛАГДЖЭЭ9 сар 20. 10:43Толгойгоогоороо хариуцах Ч.Улаан сайдын урагшгүй шийдвэр9 сар 20. 10:17“ХҮН” нам-аас Ерөнхийлөгчийг огцруулахаар ҮХЦ-д ханджээ9 сар 20. 10:15Сонсголонгийн хуучин гүүрийн хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ9 сар 20. 10:13Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь9 сар 20. 8:37Ажлаа төлөвлөдөггүй БСШУСЯ-ны удирдлагуудаас болж сурагчид хичээлийн хоцрогдолд орсоор байх уу9 сар 19. 10:19Өнөөдөр болох үйл явдлууд9 сар 19. 10:17Цаг агаарын урьдчилсан мэдээ9 сар 19. 10:16Засгийн газрын хуралдаан болж байна9 сар 18. 12:46У.ХҮРЭЛСҮХ: Ирэх 2020 онд цалин, тэтгэврийг нэмнэ9 сар 16. 16:55Сэлбэ голын эргээс эмэгтэй хүний цогцос олджээ9 сар 16. 13:07Амь насыг нь бүрэлгээд айлын хашаанд хаясан байжээ9 сар 16. 13:06ЭМНДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг дахин цагдан хорилоо9 сар 16. 13:05С.ДОРЖДЭРЭМ: “БУЯНТ-УХАА 2”-ЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ГАДНААС ХАЛДАХ ОРОЛДЛОГО ХИЙСНИЙГ ИЛРҮҮЛСЭН9 сар 16. 10:56Г.Занданшатар: УИХ тараад дараагийн сонгуулиа ард нийтийн санал асуулгатайгаа хамт хийх хувилбар яригдсан9 сар 16. 10:52Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь9 сар 16. 10:27Өнөөдөр төв талбайд Засгийн газар ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг үзүүлнэ9 сар 16. 9:53Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг АТГ шалгаж эхэлжээ9 сар 13. 13:38ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан 252 сая төгрөгийн тансаг зэрэглэлийн автомашиныг өөртөө бэлэглүүлжээ!9 сар 13. 13:33“Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм сунгах асуудлыг хэлэлцэнэ9 сар 13. 10:28

УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгохыг хүссэнгүй

/9-р сарын 5/  -  10 цаг 52 минут

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаан гишүүдийн 76 хувийн ирцтэй эхэлж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Өмнөх хуралдаан буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар болон ажлын хэсгээс төслийн дөчин зургаадугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай байх, шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно” гэж өөрчлөх саналын талаар гишүүд байр сууриа илэрхийлснээр завсарласан. Иймд гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллын санал хураалтыг үргэлжлүүлсэн юм. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар төслийн 23.1 дэх заалтын санал хураалтыг түр хойшлуулж, дахин ярилцаж, найруулах шаардлагатай гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.5 хувь нь дэмжсэн.

Дараа нь УИХ-ын гишүүн Н.Учра­лаас төслийн заалт буюу дөчин зургаадугаар зүйлийн 4 дэх хэсгээс “шатлан дэвших” гэснийг хасах санал гаргасныг хэлэлцэв. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Л.Болд, С.Чинзориг, Д.Хаянхярваа нар байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Үндсэн хуулиараа зөвхөн 250 мянган хүнийг дархалж болохгүй. Ингэснээр иргэд хувийн хэвшил бус төрийн албанд ажиллах орох сонирхол нэмэгдэнэ. Төрийн албаны чадавх сул байгаа нь хуульдаа биш хүндээ байгаа гэдэгт санал нэг байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Учрал “Шатлан дэвших гэдэг үгийг Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн  найруулгад оруулснаар Монголын олон мянган залуусын ирээдүйн хаалгыг хаалаа гэж хэлж байсан. Мерит гэдэг бол мэдлэг, ур чадварын тухай ойлголт. Ур чадварт нь суурилж, ажилд томилдог зарчмыг мерит гэдэг. Барууны орнуудад ажлын гүйцэтгэлийн үнэлгээнд нь суурилж, ур чадварын шалгуураар нь цалин хөлсийг нь нэмдэг тогтолцоонд шилжсэн” гэдгийг онцолж байлаа. Харин УИХ-ын гишүүн С.Чинзориг “Шатлан дэвших гэдэг үгийг хасвал төрийн алба тогтвортой, мэргэшсэн байх үндсэн зарчим алдагдана. Төрийн жинхэнэ албан хаагч зарим үндсэн эрхээ хязгаарлуулдаг учир арай өөр хандах шаардлагатай” гэж байсан бол УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Шатлан дэвших гэдэг үг байх ёстой. Төрийн албаны чадвар сул байгаа нь хүндээ, хуульдаа ч биш, улс төрийн намд байна. Сонгуулиас сонгуулийн хооронд гарч ирсэн нам нь төрийн албыг бужигнуулдаг. Яам, агентлагийн нэрийг жаахан өөрчлөөд, бүтцийн өөрчлөлт нэрийн дор төрийн албан хаагчдыг хэдэн зуугаар нь халдаг, сольдог байдал хэрээс хэтэрсэн.

Төрийн албаны тухай хууль байгаа ч бүрэн утгаараа хэрэгжихгүй байна. Иймд Үндсэн хуульд тусгаж, баталгаажуулах шаардлагатай” гэсэн байр суурийг тус тус илэрхийлсэн. Ингээд "шатлан дэвших" гэдэг үгийг төслөөс хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.8 хувь нь дэмжсэнгүй. Мөн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэ­батаас төслийн дөчин зургаадугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байх, шатлан дэвших зарчимд үндэслэнэ. Төрийн албан хаагчид тавигдах шалгуур нь чадвар, хүнлэг ёс, урьд нь эрхэлж байсан ажлын үнэлэмж байна. Төрийн албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно” гэж өөрчлөхөөр санал оруулахдаа төслийн 23.1 дүгээр заалттай утга, агуулга нэг тул хойшлуулах горимын санал гаргасан ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Гишүүд төрийн жинхэнэ албан хаагчтай холбоотой төслийн заалтуудыг утга, агуулгын хувьд дахин ярилцаж, өөрчлөн найруулах нь зүйтэй гэж үзэн байр сууриа илэрхийлсний дараа УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60.9 хувь нь дэмжсэнгүй.

Түүнчлэн УИХ-ын нэр бүхий 62 гишүүнээс өргөн барьсан төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалт буюу гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Ерөнхийлөгчөөр тавин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.  Харин УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Н.Оюундарь нараас төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалт буюу гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж өөрчлөн найруулах асуудалд УИХ-ын гишүүн Я.Санжмятав, О.Баасанхүү, Г.Тэмүүлэн, М.Оюун­чимэг, Н.Оюундарь нар санал хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, М.Оюунчимэг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа гэдгийг дэмжиж байгааг илэрхийлэхийн зэрэгцээ Ерөнхийлөгчид нэр дэвших насыг одоогийн Үндсэн хуульд зааснаар хэвээр үлдээх, Ерөнхийлөгч байсан хүн дахин нэр дэвшихийг хориглох талаар төсөлд тодорхой тусгах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байв. Ийнхүү уг зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ.  УИХ-ын ээлжит бус чуулганаар үргэлжлүүлэн төслийн гуравдугаар зүйлийн дөрөв дэх заалт буюу гучдугаар зүйлийн хоёрдох хэсгийг “Ерөнхийлөгчөөр 55 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг УИХ-ын гишүүд  болон аймаг, нийслэлийн ИТХ-ын өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хурлаас сонгоно, Ерөнхийлөгчийн сонгуулийн журмыг хуулиар тогтооно” гэж өөрчлөх санал гаргасан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын саналын томьёоллыг хэлэлцлээ. Уг саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжээгүй. Гишүүд дээрх зарчмын зөрүүтэй саналын дагуу үг хэлж дууссаны дараа санал хураалт явуулахад олонхоороо дэмжсэнгүй.

Мөн “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэсэн УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төслийн заалтыг хэлэлцэхэд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Гишүүдээс өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл, Ерөнхийлөгчийн төсөл, санал АН-аас 30 гаруй санал өгсөн. Үүний дундаас хоёр нь өргөн баригдаагүй заалт байсан учраас хүлээж авах боломжгүй. Бусад ирүүлсэн заалтуудыг нь хэлэлцээд ихэнх заалтууд нь хуулийн төслийн хэлэлцүүлэгт орсон байгаа. Өөрөөр хэлбэл, холбогдох санал бүр дээр тусгагдсан. Ерөнхийлөгчтэй холбоотой гурван заалт орсон. Засгийн газрыг эмхлэн байгуулахтай холбоотой заалтуудыг хэлэлцэхээс түр хойшлуулсан. Үндсэн хуулийн Цэц дээр мэдээлэл өгөхөд Үндсэн хуулийн долоон өөрчлөлтийн бүгдэд нь хэрэг үүсгэчихсэн байгаа юм билээ. Бид нэгийг нь үлдээсэн. Энэ нь УИХ дахь намын бүлгүүдээс дэд даргатай байна гэсэн заалт аль ч улсын парламентад байдаг учраас үүнийг хэвээр нь үлдээж бусад зургаан заалтуудыг өөрчилж оруулсан. Бүх заалтууд судалгаатай” гэдгийг тодотгож байв. Уг заалтыг хуралдаанд оролцсон нийт 66 гишүүний 57 нь дэмжсэн юм.

Дараа нь төслийн гуравдугаар зүйлийн зургаа дахь заалт буюу 39 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийг “УИХ-д олонх болсон нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг аль ч нам, эвсэл олонхын суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг, бусад тохиолдолд УИХ-д суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхыг бүрдүүлсэн нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилуулах саналыг Ерөнхийлөгчид тав хоногийн дотор УИХ-д оруулна” гэсэн төслийн заалтыг хэлэлцэн дэмжлээ. Энэ үеэр гишүүд хэлсэн үгэндээ ажлын хэсэг, Төрийн байгуулалтын байнгын хороо дахин нарийвчлан томьёолж, хууль зүйн үр дагаврыг нь тооцоолж найруулахыг захиж байлаа. Харин төслийн гуравдугаар зүйлийн зургаа дахь заалт буюу 39 дүгээр зүйлийн гурав дахь хэсгийг “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ” гэж өөрчлөн найруулах төслийн заалтаар санал хураахад гишүүдийн 86.4 хувь нь дэмжлээ.

Эх сурвалж: www.zindaa.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC